Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК, “МИАТ” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.
Жич: Тухайн компанийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
- Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Засгийн газрын IX байр)-ын 108 тоот өрөөнд компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороодын төлөөлөл хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
- Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 62263600 дугаарын утаснаас авна уу.
КОМПАНИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО