Уншиж байна.

Мэндчилгээ

Мэндчилгээ

Хан-Уулаа түшиж, хатан туулаа эмжин налайсан Хан-уул дүүргийн иргэд, боловсролын  салбарын үе үеийн  ажилтан албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгчид, эх орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудадаа боловсролын салбар үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Боловсролын хэлтсээс Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Дүүрэг, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж, багш, суралцагчийн хөгжлийг хангах, гадаад дотоод орчны стандартыг сайжруулахад чиглэсэн олон талт үр дүнтэй ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг 2017-2020 онуудад амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн тусалж “Мэргэжил бүхэн сайхан” аянг жил бүр, “Цахим гадуурхал цаашаа” чуулган, “Ааваараа бахархана” анхдугаар зөвлөгөөн, “Хүүхдээ сонсъё” аян, “Хүүхэд аюулгүй бүс-Аюулгүй тээвэрлэлт” аян,  “Боловсролд төлөө хамтдаа” туршлага солилцох өдөрлөг, “Эртэч багш” өглөөний уулзалт зэргийг зохион байгууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог дээшлүүлж, амжилтыг ахиулах зорилгооор 12 дугаар анги төгсөгчдийн дунд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит “Сорил” шалгалтыг зохион байгуулан ажилласнаар 2017-2020 онд дүүргийн 27 сурагч ЭЕШ-д 800 оноог авсан бөгөөд элсэлтийн шалгалтад бэлтгэсэн багш нарын ажлыг үнэлэн Засаг даргын нэрэмжит “800 оноотон”  өргөмжлөл 800 мянган төгрөгөөр урамшууллаа.

Харилцан туршлага солилцох боломжийг нээн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, арга, зүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын төлөөөллийг АНУ, БНХАУ, ОХУ, Япон улс, Герман, БНСУ-д туршлага судлах аялалд хамрууллаа.
Багш сурган хүмүүжүүлэгч та нарынхаа хамтаар боловсролын салбарт монголын ирээдүй болох хүүхэд бүрийг өөрийгөө нээх, ирээдүйгээ төлөвлөх, мэргэжлээ зөв сонгоход нь арга зүйн зөвлөгөө өгч, эрдэм боловсрол, ёс зүйтэй, иргэн болж төлөвшихүүлэх шинэлэг ажлуудыг хамтдаа бүтээцгээе.

Иргэн та манай цахим хуудасанд хандсанаар боловсролын салбарын бодлогын хэрэгжилт, салбарын хэмжээнд зохион байгуулсан олон талт үйл ажиллагааны цаг үеийн мэдээ мэдээллүүдтэй  танилцаж, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд мөрдөгдөж буй хууль тогтоомж, статистик тоон мэдээ, шилэн данс, төсөв санхүүгийн мэдээллийг хүлээн авч, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар  санал хүсэлтээ нээлттэй, шуурхай, ил тод илэрхийлэх боломжоор хангагдана.

Дүүргийнхээ ирээдүйн эзэд  болсон хүүхэд багачууд, эрдэмтэн багш нарынхаа нэрийн өмнөөс  иргэн танд  эрүүл энх байж ажил үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. 
 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ОТГОНХОРЛОО